Монгол оронд хамгийн анх ойролцоогоор 800 000 жилийн өмнөөс хүн амьдарч байсан ул мөр Баянхонгор аймгийн Баянлигийн цагаан агуй, Өлзийт сумын нарийний гол зэрэг газраас олдсон билээ Монгол нутаг дахь археологий дурсгалыг хэд хэдэн үе болгон ангилах бөгөөд манай аймгийн нутгаар өргөн тархсан дурсгалууд нь чулуун зэвсгийн, хүрэл төмөр зэвсгийн болон түрэгийн үеийн дурсгалууд ихээр хадгалагдан үлдсэн байна.Эдгээрээс хүрэл төмөр зэвсгийн үеийн булш оршуулга хамгийн элбэг юм.МЭӨ 3 мянган жилийн тэртээ анхны төмөрлөг болох зэсийг хайлах ажил Неолитын үеийн овог аймгуудын дунд тэдний үйлдвэрийн туршлагад үндэслэн орон нутгийн түүхий эдийн суурин дээр бие дааж үүссэнээр Энеолитийн үе эхэлсэн болохыг харуулж байна.Энеолитын үе нь чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе рүү шилжих завсрын богино үе юм.Зэсийг хорголжин тугалгатай хольж нэмэх 1080 хэмийн темпратурт хайлан хүрэл хэмээх нийлэг төмөрлөгийг гарган авч байжээ.Төмөр зэвсгийн үед газар тариаланд нилээд ахиц гарч тэр үеийн хүмүүс газар тариаланд зөвхөн зээтүү, царил зэрэг энгийн хөдөлмөрийн багаж төдийгүй анжис хэрэглэж малын зүтгэх хүчийг ашиглаж эхэлсэн байна.Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрснээр зэр зэвсэг хөдөлмөрийн багаж зэвсгийн болон газар тариаланд юу юунаас илүү дэвшилт үзүүлсэн билээ.Хэдий тийм боловч эх газрын эрс тэс уур амьсгалтай хуурай сэрүүн нутаг голчилсон Монгол орны хувьд нүүдлийн мал аж ахуй үндсэн аж ахуй нь болж байсан учраас хүрэл төмөрийн үеийн Монгол нутаг дахь овог аймгуудын хувьд газар тариалангийн эзлэх хувь тун бага бөгөөд суурин аж ахуйтай орны түүхэнд гүйцэтгэсэн шиг тийм их чухал хувьсгалч үүрэг үзүүлж байсангүй түүхэн онцлогтой билээ.Гэхдээ зөвхөн газар тариалан төдийгүй дайн байлдааны зэр зэвсэгт ихээхэн дэвшил гарч улмаар хүн амын дунд шилжилт хөдөлгөөн ихэссэн бөгөөд чухам энэ үеэс өнөөгийн Монгол орны баруун талаар амьдарч байсан европойд төрхтөн зүүн талаар байсан монголоед төрхтний хооронд хольцолдлогоо хүчтэй явагдсанаар өнөөгийн Монголчуудын угсаа бүрэлдэн бий болсон гэж үзэж болох юм.Төмөр зэвсгийн түрүү үе нь хүй нэгдлийн нийгмийн төгсгөлийн шат бөгөөд тэр үед эртний овог аймгууд төмрийг үйлдвэрт нэвтрүүлж төмрөөр багаж зэвсэг хийх болж улмаар Монгол оронд оршин суугчдын хувьд төмөрлөг боловсруулах дарханы ажил нь аж ахуйн туслах салбар болж хөгжсөн байна.

Энэ үеийн овог аймгуудын нас барсан хүмүүстээ зориулан тэгш дөрвөлжин, дугуй хэлбэртэй чулуун байгууламж хийж хүнээ оршуулж байсан ба хүрэл төмрийн үеийн голлох дурсгалууд болох дөрвөлжин булш, хиргисүүр, буган чулуун хөшөө, хадны зургийн дурсгал гэх мэт олон тооны дурсгал манай нутагт байна.Ерөнхий зүй тогтлын хувьд манай орны нутгаар хязгаарлагдахгүй хилийн чанадад тархсан байгаа.Дөрвөлжин булш болон хиргисүүр нь оршуулга тахилгын зан үйлийн байгууламж бөгөөд гаднах зохион байгуулалтаараа ерөнхий хэд хэдэн ялгаатай боловч зориулалтаар дотор нь оршуулах ёслолын болон тахилга ёслолын байгууламж хэмээн хоёр ерөнхий ангилалд хуваан авч үздэг мөн зарим нь дагуул байгууламжтай байдаг.Монгол нутаг дахь хиргисүүр, дөрвөлжин булшнаас шинээр олдож буй археологийн дурсгалууд дотор хүрэл дуулга, зэр зэвсэг, ясан гоёл чимэглэл, ваар сав суулганы төрөл ихээр олдож байгаагаас харахад эдгээр дурсгалууд нь чулуун зэвсэг болон хожуу үеийн олон соёл дурсгалыг хадгалсан өвөрмөц дурсгал болох юм.Эдгээр соёлыг үлдээгч овог аймгууд оршуулгын байгууламжийн хэлбэр хийц зохион байгуулалтыг санамсаргүй байдлаар үйлдээгүй тодорхой заншлын дагуу өөрсдийн ертөнцийг үзэх үзэл болон ёс зан үйлийн утга агуулга илэрхийлж байсан нь тодорхой юм.Энэхүү байгууламжинд оршуулах хүнээ хадгалах хүндэтгэх оршуулгын нүхний нимгэн хавтгай чулуугаар доторлон хайрцаг хийж түүн дээрээ 3-4 том хавтгай чулууг эгнүүлэн таглан дарж түүнийгээ тойруулан тодорхой хэмжээтэй чулуун хүрээ гаргах маягаар ихэвчлэн үйлдэж байжээ.Хүрлийн үеийн археологийн дурсгалуудын оршин байх газар орны хувьд гол усны эрэг хөндий, уулын энгэр довцог толгод, уулын хормой, оройгоор их байна.Мөн хиргисүүр гэсэн нэрээр дөрвөлжин буюу дугуй хүрээ чулуутай голдоо дугуй чулуун далан бүхий эртний ёслолын байгууламж буюу булшийг нэрлэдэг дашрамд хэлэхэд энэхүү нэршил нь одоо цагт зарим хөдөө нутгаар нутгийн иргэд аливаа булш байгууламж болгоныг хиргисүүр хэмээн андуурч нэрлэх явдал нилээд байдаг.Сүүлийн үеийн археологийн судалгаагаар нийт малтаж судалсан хиргисүүр дөрвөлжин булшны ихэнх хэсэг нь тоногдсон байгаа нь тухайн үеийн оршуулах ёслолын дараа тонуулчид явж байсан байх магадлалтай аль эсвэл өөр он цагт өөр соёлыг үлдээгчид тонож байсан байж магадгүй зэргээр олон таамаг байгаа юм ямартай ч тэдгээр тонуулчид оршуулгыг ихэвчлэн хуучин хэвээр нь буцааж булсан байх бөгөөд гадна талаас нь тоногдсон үгүйг нь мэдэгдэх боломжгүй байдаг байна.эндээс оршуулгын өмнөх болон дараах зан үйл, хүйс нийгмийн социал ялгарал, гэр бүлийн байдал,байгууламжийн гадаад дотоод зохион байгуулалт,хүний тавилт, оршуулгын зан үйлийн мэдээллийг нэхэн сэргээх боломжтой юм.Харамсалтай нь үүний зэрэгцээ сүүлийн үед булш хиргисүүрээс алт мөнгөн эдлэл олддог зэрэг худал ташаа мэдээлэл гарч манай орны зарим нутагт иргэд энэхүү археологийн дурсгалуудыг тонож булшны гадна дотнох зохион байгуулалтыг эвдэж археологийн чухал эд өлгийн зүйлийг зарах явдал гарсаар байгаа үүний зэрэгцээ ашигт малтмал уул уурхайн чиглэлээр олборлолт хийж байгаа зарим компаниуд олон тооны түүх соёлын дурсгалыг сүйтгэж байгаа нь судалгаа шинжилгээний ажилд ихээхэн саад болж байгаа төдийгүй археологийн дурсгалаас аливаа мэдээллийг гарган авах оршуулгын зан үйлийг бүхэлд нь нарийвчлан задлан шинжилэхэд саад болж байгаа юм.Иймд холбогдох газарууд, аймаг орон нутгын удирдлага, иргэд хувь хүн бүр түүх дурсгалаа хамгаалахад гар бие оролцож энэ талаарх мэдээллийг цаг алдалгүй холбогдох газарт өгч байх хэрэгтэй юм.

БАЯНХОНГОР АЙМГИЙН МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН Т.БАЯРМАГНАЙ

Түүх Угсаатны Зүйн Музейн Танилцуулга

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн Музей

Баянхонгор аймгийн түүх угсаатны зүйн музей нь 1949 онд нэг гэрт 10 гаруй үзмэртэй, 2 ажилтантайгаар “Хөдөө Аж Ахуйн үзэсгэлэн” нэртэйгээр анх байгуулагдаж байсан.

Өдгөө Түүх угсаатны зүйн музей, Байгалийн түүхийн музей гэсэн 2 салбартай, 15 ажилтантай ажиллаж байна. Бусад музейнүүдэд байдаггүй хосгүй ховор тарбозарвын бүтэн хэлхээ яс, хүрэл морь, Бадамлянхуа цэцэг, Ламын гэгээний хийдэд залагдаж байсан Цагаан, Ногоон дарь эх бурхад гм ард иргэдийн бэлэлэсэн, худалдсан түүхэн ач холбогдолтай хосгүй үнэт 8000 гаруй үзмэрээр ард иргэдэд үйлчилж байна.

Сүүлийн 5 жил дараалан орлогын төлөвлөгөөг тасралтгүй биелүүлж, жилд дунджаар 5000 гаруй гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид, нутгийн ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • Музейн 8000 гаруй түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх,
  • Ард иргэдэд, зочид төлөөлөлчид, жуулчидад соёлын үйлчилгээ үзүүлэх
  • Үзмэрийн Эрдэм шинжилгээний анхан шатны доторхойлолтыг Улсын нэдсэн бүртгэл мэдээллийн санд оруулах
  • Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дээр хадгалагдан ирсэн түүх соёлын үл хөдлөх дурсгалыг Бүртгэл мэдээллийн санд авах
  • Ард иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа түүх соёлын дурсгалыг бүртгэл мэдээллийн санд авах
  • Аймгийн соёлын биет бус өв, өвлөн уламжлагчдыг бүртгэн бүртгэл мэдээллийн санд оруулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байна.